А.Отгонбаатар: "Үнэн ба зөв" нам энэ удаагийн парламентыг "ГУНИГТ" улс төрөөс нь салгана
"Үнэн ба Зөв" нам өнөөдөр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөө.
Энэ үеэр тус намын дарга А.Отгонбаатар: "Үнэн ба Зөв" нам өнөөдөр намын мөрийн хөтөлбөр болон холбогдох бичиг баримтаа СЕХ-нд өгч байна. Сүүлийн өдрүүдэд нөхдүүд үгийн сангаа өөрчилсөн боловч угийн заннь хэвээрээ сонгуульд оролцох гээд явж байна. Иргэдийн тархийг угаах гээд тэрбум, тэрбумаар нь цацсан хүмүүс сонгуулийн дараа мөнгөө бодох болов уу? ард түмнээ бодох болов уу? Маш энгийн асуултыг иргэд өөрсдөөсөө асуух хэрэгтэй. МАН болон АН-ын хэсгийн ахлагчид иргэдийг мунхруулаад явж байна. Бидний ард 30 жилийн гунигт зовлон үлдсэн хэвээр байхад, МАН, АН-ын гишүүд одоо манай дарга нар ахиж хулгай хийхгүй гэнэ. Одоо монголыг өөрчлөнө гэнээ гээд худал үгээр ард түмнийг хуурсаар л байна.
Энэ сонгуульд нэр нүүрээ барсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн. Энэ бол сайн хэрэг гэхдээ тэр нэр нүүргүй хүмүүсийн гар хөлийг ч бас нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй.
"Үнэн ба Зөв" нам энэ удаагийн сонгуульд орохдоо монголын парламентад хяналт тогтоодог сөрөг хүчин болно. Өнгөрсөн 30 гаруй жилийг ард түмэн МАНАН бүлэглэл удирдсан он жилүүд байна гэж дүгнэсэн. Нэг нэгнийгээ хянадаггүй, амалснаа биелүүлдэггүй, амлалт нэхдэггүй. Хэрэв "Үнэн ба Зөв" нам парламентад сонгогдвол парламентыг гунигт улс төрөөс нь салгах болно. Ард түмний итгэл үнэмшил, эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлэх болно. Энэ хоёр намын 30 жилийн хугацаанд хийгээгүй бүх амлалтыг хэсэгчлэн ял нэхэх зарчмаар амлалт нэхнэ. Зарим бүлэглэл эхнээсээ бидэнд саад болж санал хуваах зорилгоор ижил нэртэй хүмүүс дэвшүүлэх оролдлого хийгээд явж байсан. Тэд үр хүүхэддээ ийм нийгэм үлдээж байгаадаа харамсахгүй байгаа нь хамгийн аймшигтай. "Үнэн ба Зөв" нам ядарсан ард түмний итгэл найдвар байх болно гэв.
Сэтгэгдэл үлдээх