Цэс Close

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа

Талархлыг НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Б.Баяр, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Батсуурь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Бат-Орхон нарт Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг гардуулан өглөө.

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг энэ үеэр хэлсэн үгэндээ “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын давтамж, учирч болзошгүй эрсдэл эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед та бүхэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, НҮБ-аас соёрхон баталсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан орон нутгийн төлөвлөлт, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, олон нийтийн оролцоог ханган, гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг бодит үр дүнд хүргэж чадсан нь онцгой ач холбогдолтой юм. Та бүхний манлайлал, санаачилгын үр дүнд Гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан төлөвлөлт сайжирч, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, олон нийтийн бэлэн байдал дээшилж, орон нутгийн хөгжлийн бодлого, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж, болзошгүй хохирлыг бууруулахад ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэе” гэлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл нь  Монгол Улсын хүн амын 50 орчим хувьд амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.05 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 94 хувьтай биелүүлж, хүүхэд багачууд, оюутан залуучуудад чиглэсэн онол практикийн бага хурал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн дуу хоолойг хүргэх, үзэл бодлыг сонсох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажилд өргөн далайцтай, олон талуудын оролцоог хангасан юм.

Сэлэнгэ аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.7 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 87.5 хувьтай биелүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.1 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 84.2 хувьтай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг чадавхуулах, болзошгүй гамшиг ослын эрсдэлийг бууруулах аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгойлон ажилласан зэрэг үзүүлэлтээр 2025 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлөөр тус тус шалгарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах