Цэс Close

Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар оруулж ирж байгаа нь ард түмнийг доромжилж буй хэрэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох УИХ-ын тоглооын төслийг Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Ө.Шижир танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү. Нефть, төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Оюутолгойн гэрээнд ямар байр суурь барьж байгаа вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Би 2 удаа засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Намын болон Засгийн газрын хөтөлбөрт ахалж ажилласан. Шинэ Засгийн газрын бодлого өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ. Таван толгой төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нэн тэргүүний ажил байх болно. Нефтийн үйлдвэрийг барьж чадвал гадагшаа урсаж байгаа 1 тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэх тооцоотой байгаа учраас энэ ажлыг зайлшгүй үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн гэрээний асуудал амаргүй түвшинд байна. Дубайн гэрээг өөрчлөх ажил явагдаж байгаа бөгөөд улс төрийн томоохон нөлөөлөл байна. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгсөн. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Яагаад огцорсон засгийн газрын бүрэлдэхүүний хүн эргээд Ерөнхий сайдаар орж ирж байна вэ? Монголын ард түмнийг доромжлоод байгаа юм уу? Хоёрдугаарт өөрийн чинь карер их сонирхол татаж байна?Далд уурхайд 2 тэрбум ам.доллар нэмэгдчихжээ. 2050 онд бид нар ногдол ашгаа авах нь. Монгол Улс өрөнд ороод дуусах нь. Сүүлийн хоёр жил ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа юу хийсэн вэ. Цаашид хэрхэн ажиллах вэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Намайг 2-р ангид байхад ардчилсан хувьсгал өрнөсөн. Ээ үеийн хүнд байдал манай 1980-аад оныхонд илүүтэй хүнд тулгарсан. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж ярьж байгаа учир үүнийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрийнхөөрөө захирамж гаргасан вэ гэж асуу. Яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, өнөөдөр ногдол ашиг авахгүй болсныг асуу. Яагаад өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсныг асуу. Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйл өрнөж байхад би байгаагүй. Гэхдээ энэ завхралыг засахын тулд өнгөрсөн нэг жилийн турш хичээсэн. Цаашид ч энэ байр сууриндаа хатуу байх болно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орлогогүй болсон айл өрхүүдэд багцалсан мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох шаардлагатай. Нэг айлд 300 мянган төгрөг өгөх шаардлага байна. Үүнийг шинэ Засгийн газар анхаарч үзээсэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Манай улсад КОВИД-ын нөхцөл байдал хүндэрсээр байна. Цаашид яаж ажиллах вэ? Мэргэжлийн сайдыг нь авч үлдэх үү?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал Монголд тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 2 сая хүний амь насыг авч одсон ийм цар тахал гараагүй. Монгол Улс 10 сарын хугацаанд дотооддоо халдварыг гаргахгүй ажилласан. Бид нэн тэргүүнд вакцинжуулалтыг хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариуг авсан. Вакцинжуулалтыг хийснээр эдийн засгаа аварна гэж бодож байна. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилтыг эдийн засгийг анхаарах. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах