Цэс Close

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлага тооцож эхэллээ

Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар УИХ хяналт шалгалт явуулж, сонсгол зохион байгуулж байх зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хуулийн дагуу анх удаа зохион байгуулж буй сонсгол бол Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тухай юм.

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал нь өнгөрсөн жилээс хойш олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Зарим хэсэг нь төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг яллахыг шаардаж байгаа бол зарим нь "Баялаг бүтээгчдээ дарамталлаа, улс төрийн зорилгоор харлууллаа гэх байр суурийг ч илэрхийлж буй. Ингэж хоёр туйлд хуваагдаад буй иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, үнэн бодит мэдээллийг ил болгох зорилгоор УИХ өчигдрөөс сонсголоо эхлүүлсэн. Эхний сонсголын дараа "УИХ шүүх шиг ажиллаж болохгүй, баялаг бүтээгчдийг яллаж байна" гэх шүүмжлэл гарч байна. Угтаа Хөгжлийн банкны нээлттэй сонсгол бол яллаж байгаа явдал огт биш. Шүүх, прокурор нь яллана.

Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед томоохон хэд хэдэн хэрэг шийдэгдэх нь гэх итгэл, найдвар иргэдийн дунд бий болчихлоо. Түүний эхлүүлсэн "дайн"-ууд эхнээсээ ялалтаа байгуулж байна. Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны шинэчлэлийг хүсч, томоохон хэргүүдрүү ханцуй шамлан орсон нь "анхаарлын тэмдэг"-тэй олон асуудлыг шийдвэрлэх алхам болсон. Тэрбээр, Хөгжлийн банкны хэргийг шалгаж, Эрдэнэтийн 49-ийн хэргийг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн. Мөн нүүрсний хулгайн хэрэг, төмөр замын хулгайн хэрэг энэ онд шалгагдаж шүүхэд шилжих нь тодорхой болоод байна. Түүний дараагийн нүүдэл хэрхэхийг улстөрийн хүрээнийхэн таамаг дэвшүүлж суугаа гэнэ лээ.

Тэрбээр, Ерөнхий сайдаар томилогдоод “...Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авлигажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно” гэж мэдэгдсэн удаатай. Түүнийг эхлүүлсэн “дайн”-аа дуусгаж чадах уу гэсэн эргэлзээтэй асуулт өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд бий. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ ийм нөхцөлд яахаа эрт хэлчихсэн. Тэрбээр "Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал" гэсэн байдаг.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өнгөрсөн оны хоёрдугаар сараас  хойш тасралтгүй өндөр байгаа аж.  Иргэд түүний нүүрсний мафитай хийж буй тэмцэл болоод Хөгжлийн банкны эргэн төлөлтөд нь онц үнэлгээ тавьсан аж. Энэ бол иргэд, олон нийт Засгийн газрыг асуудлыг шийдэж чадаж байна гэж дүгнэж байгаа хэрэг хэмээн үзэж буй хэсэг ч байна.

Ямартаа ч тав хоног үргэлжлэх сонсголоор Хөгжлийн банктай холбоотой олон гогцоо тайлагдана гэж олон нийт харж, хүлээж байна. Өнгөрсөн жилийн өдийд Хөгжлийн банкны асуудал хэрхэхийг таашгүй удааширч байсан асуудлыг Засгийн газар дахин олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн. Гэхдээ одоо үр дүн чухал. Нээлттэй сонсголоор хэлэлцсэн бүхнийг нягтлах, шалгах цаад эздийг нь олж тогтоох нь хууль, шүүхийн ажил. Тиймээс олон нийт хууль шүүхийг хэрхэн ажиллахыг л харах үлдэв.

Б.НОМИН

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах