Цэс Close

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайн туршилтын арилжааг зохион байгууллаа

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих болсноо мэдэгдсэн. Энэ томоохон ажлын хүрээнд арилжаанд оролцогч талууд болох тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдтэй уулзаж санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэх, итгэмжлэгдсэн агуулахуудыг бэлтгэх, тус агуулахад ажиллах хүний нөөцийг сургах зэрэг бэлтгэл ажлыг базааж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн уулзалт зохион байгуулж, тэдний  саналыг сонсоод байна. 

8-р сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайг биржээр арилжихад оролцох бүх талын төлөөлөл цуглаж, нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, анхны туршилтын арилжааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа болон холбогдох удирдлага, албан хаагчид, Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-ийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн, худалдагч тал буюу тариалан эрхлэгчид, худалдан авагч тал болох гурилын үйлдвэрүүд, дундын зуучлагч брокерууд оролцсон юм.

Уулзалтын үеэр ХААБ-ээс улаанбуудайг хэрхэн арилжих тухай танилцуулга хийж, блокчейн технологид суурилсан анхны жишиг арилжааг зохион байгуулж, оролцогч талуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн энэхүү уулзалт нь арилжаанд оролцогч талуудын саналыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрч, биржийн арилжааг зөв зохион байгуулалттайгаар амжилттай эхлүүлүүлэхэд чиглүүлэх зорилготой байсан.  

Тариаланчдын зүгээс, төр засгийн бодлого шийдвэрийг дагаж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд энэ жилээс эхлэн биржээр улаанбуудайг арилжих нь цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх, улаанбуудайн чанарыг баталгаажуулах субъект нь хэн байх, брокерууд ямар үүрэг оролцоотойгоор тариаланчийн өмнөөс ажиллах, ямар стандартаар арилжаа явагдах, худалдан авагч тал нь нь зөвхөн гурилын үйлдвэрүүд байх эсэх, бирж зөвхөн дотоодын арилжаа бус экспортын чиглэлд хэрхэн ажиллах зэрэг асуултыг нийтлэг асууж байлаа.

Түүнчлэн уулзалтад оролцсон гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл болох Улаанбаатар гурил компанийн салбарын захирал Ц.Оюунсүрэн биржээр дамжуулан арилжаа явагдсанаар чанарын баталгаатай түүхий эд худалдан авах давуу тал бий болохыг хэлж байсан юм.

ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун  “Төрийн зүгээс биржээр улаанбуудайг борлуулах ажлын бэлтгэлийг хангасан. Тус ажлыг эхлүүлэх цаг нь болсон учир хугацаа алдалгүй энэ намраас арилжааг үе шаттайгаар эхлүүлэх нь зүйтэй. Анх удаа хүнсний буудайг биржээр арилжих гэж байгаа учир алдаа дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алсдаа улаанбуудайн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортод гаргахад биржийн арилжаа зайлшгүй чухал гэдгийг онцоллоо.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд болсон загвар арилжаа, нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах