Цэс Close

Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан бөгөөд УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17,264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28,537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ.

СЕХ-ны даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сонгуулийн хуулийг өөрчилж төрийн эрхийн авдаг болсон. Хэрэв шударга сонгууль болдог байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Нэр дэвшсэн залуу хүмүүсийг би буруутгахгүй. Бор халзан хонь байсан ч сонгогдохоор байна. Монголд мөнгөний сонгууль болдог болсон. Ухуулагчийг болиулаач, сонгогчийг авлигдах ажил хийгээд байна гэдгийг би Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон хэлсэн. Сонгууль шударга боллоо гэж уншсан нөхөр ч өөрөө асуудалтай. Эндээс харахад нэг намын тогтолцоотой болчихоод байна. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг шүү. Та нар хэтэрхий их бярдаж байна. Та нар хамаг юмаа авлаа шүү дээ. Гэтэл үлдсэн хоёр суудлыг луйвардаад авч байна. Ингэж ардчиллыг бөхөөж болохгүй. Хүмүүсийн чинь тоо хэрээс хэтэрсэн ч ажил чинь хангалтгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ бол сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон. Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичих байсан. Эрх баригчид ардчилалтай болж чадахгүй байна. Энэ дөрвөн жилд надтай хамт суугаад хамаагүй өөр болно гэж бодож байна. Би та нарыг өөр болгоод өгнө. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөж,  төрийн далбаанаас адис аван, парламентын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардан авлаа. Мөн УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр, Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах