Цэс Close

Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьж байгааг хэллээ. 

Тодруулбал, 

  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Шүүхийн тухай багц хууль
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьж байгаа гэв. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир  "АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон нь анх хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг үгүйсгэж байна. Аль нам, улс төрийн хүчин өнөөдөр ЗГ, УИХ-ыг бүрдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ, ЗГ АТГ-ын дарга, дэд даргыг томилдог  болвол авлигатай тэмцэж чадахгүй. Баталсан хуулиар АТГ нь Засгийн газрын агентлагийн бүтэц байхаар болж байна. Авлигын хэргийн 89 хувь орчим нь төсвийн хөрөнгөтэй харьцдаг байгууллагын албан тушаалтнууд байна.  Тиймээс Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Шүүхийн тухай багц хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьсан” гэлээ.

УИХ-ын арванхоёрдугаар сарын 31-нд баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт  хэсэгчилсэн хориг тавьсан юм.

Мөн Шүүхийн тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна гэж үзэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Энэ тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат болохоор байгаа. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна" гэж мэдээллээ.

үүнээс гадна бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэх эрх бол нутгийн өөрөө удирдах ёсны, Үндсэн хуулиар олгогдсон, өөр хэнтэй ч хуваалцахгүй дархан эрх байх ёстой атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзвэл тухайн Засаг даргыг огцруулна гэж заасан байгаа. Энэ нь орон нутгийн сонгуульд оролцсон болон санал өгсөн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа тул хэсэгчилсэн хориг тавьсан хэмээн мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах