Цэс Close

Г.Ган-Очир: Аврал эрсэн бүхэнд тусламжийн гараа сунгаж, бүхнээ зориулахаар тангараг өргөсөн учраас няцах эрхгүй л гэж боддог

НОБГ-ын “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр шалгарсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ган-Очирыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ажил, амьдралынх нь амжилт бүтээлийн тухай яриа өрнүүллээ.

-Өнгөрч буй 2023 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Амжилтыг тань бататгасан энэ жилийн онцлог дуудлагууд юу байсан бэ?

Ажил, хөдөлмөрөө үнэлүүлсэндээ маш их баяртай байна. Энэ онд дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн 79 удаагийн гал түймэр, 16 удаагийн үерийн дуудлагаар ажиллаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан. Тухайлбал, Дүүргийн  IV хороонд байрлах “Порши” автомашины худалдааны төвд гарсан гал, хоёрдугаар сард III хороонд байрлах “Пижеон” үйлдвэрт гарсан гал түймрийг онцолж болно. Дээрх гал түймрүүдэд дөрвөн цаг орчим ажиллаж, хохирол багатайгаар хамт олонтойгоо унтраасан.

-Анхны бүхэн сайн ч бай, муу бай ч хэзээ ч мартамгүй тийм дурсамжийг үлдээдэг. Түүнээсээ сургамж авч суралцаад үргэлжлүүлэх эсвэл шантраад зогсох гэсэн хоёр сонголтыг бий болгодог шүү дээ?

 2014 онд томилогдоод хамгийн анх “Хар ямааны бэлдмэлийн үйлдвэр”-т гал гарч байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед нийслэлийн хүрээний Гал түймэр, унтраах аврах ангиуд бүгд ажиллаж байсан томоохон гал л даа. Үүнээс хойш өнөөг хүртэл 1215 удаагийн дуудлагаар ажиллахдаа 34 хүний амь насыг аварч, гал түймрийн утаажилтын бүсээс 421 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хамт олонтойгоо хангаж ажилласан байна. Амралттай үедээ ч аврах ажиллагааг зохион байгуулах үе ирдэг. 2022 оны зун Архангай аймаг руу гэр бүлээрээ аялж яваад шаварт суусан автомашиныг татан гаргаж, хагарсан дугуйг нь нөхөж өгөөд аян замд нь үдэж байсан. Автомашинд нийт дөрөн хүн зорчиж явсан. Ээж нь тусламж дуудахаар яваад ах нь тав болон найман сартай хоёр дүүтэйгээ үлдсэн байсан. Тухайн үед манай эхнэр хөхүүл байсан учраас халуурч уйлагнаад байсан найман сартай дүүг нь хөхүүлээд ээжийг нь иртэл хүлээгээд, хүлээлгэж өгөөд явж байсан жишээтэй. Тэр цагаас хойш гэр бүлийн сайн найзууд болсон шүү.

-Аврагч хүн ард, иргэдэд, ханьдаа, үр хүүхдэдээ гээд бүх зүйлд “баатар” байх ёстой бичигдээгүй хуультай. Харин таныхаар энэ тодорхойлолтын гол үзүүлэлтүүдийг юу гэж тайлбарлах бол?

Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа хамт олны нэгдмэл байдал хамгийн чухал байдаг. Би биш бид байж аврах ажиллагааг амжилттай зохион байгуулна. Ганцаараа шийдвэр гаргаж болохгүй. Удирдлага, хамт олонтойгоо хэлэлцэнэ. Өгсөн үүргийг нь биелүүлнэ. Аврал эрсэн бүхэнд тусламжийн гараа сунгаж, бүхнээ зориулахаар тангараг өргөсөн учраас няцах эрхгүй л гэж боддог. Ингэж бодохоор таны хэлсэнтэй санал нийлж байна.

- Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх болсон сонголтын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

Одоо миний үүрэг гүйцэтгэж байгаа Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн хажууд манай гэр байдаг. Галын автомашин дохиогоо дуугаргаад дуудлагад гарахыг байнга л харна. Яавал энэ ах нар шиг, найзууд шигээ үүрэг гүйцэтгэх бол гэсэн бодол энэ албыг сонгох шалтгаан болж, өөрийн мөрөөдлийн дагуу 2014 онд 35 залуутай хамт шалгалт өгч тэнцээд орж байлаа. Онцгой байдлын алба маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, ажиллах орчин нөхцөл сайжирч, автомашин, техник хэрэгслийн хүчин чадал, зориулалт нэмэгдэж байна. Мөн алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад анхаарч ажилладаг гээд бахархах зүйл олон байгаа.

-Тэгвэл Онцгой алба хаагч байхын давуу талыг юу гэж хардаг вэ?

Хүн бүр бахархаж хардаг. Ялангуяа хүүхдүүдийнхээ “баатар” нь гэдгийг мэдсэнээс хойш  улам ихээр хичээж байна. Саяхан бага хүү маань өвдөөд дүрэмт хувцастайгаа Эх нялхас дээр хүүхдээ тэврээд гүйж явахад оочирлож байсан хүмүүс “Наад хүүгээ хурдан оруулаарай. Үргэлж бидний төлөө цаг наргүй ажиллаж байдаг буянтай хүмүүсийн нэг” гээд оочергүй оруулах жишээний. Ер нь хүмүүсээс үргэлж талархсан, баярласан үг сонсдог учраас өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Мөн өнгөрсөн 2022 оны зургадугаар сарын 20 буюу албаныхаа өдрөөр эхнэртэйгээ хуримаа хийж, амьдралынхаа хамгийн нандийн мөчийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэндээ маш их баярлаж явдаг даа.

-Ар гэр амгалан тайван байвал албан үүргээ сэтгэл тэнүүн гүйцэтгэдэг. Ажил, албанаас хамаараад гэр бүлдээ цаг гаргадаггүй гэж “зэмлүүлдэг” хүмүүс шүү дээ бид чинь?

 Тийм шүү. Чөлөөт цаг зав, амралтаараа гэр бүлээрээ монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Одоогийн байдлаар зургаан аймгийн 14 сумаар аялж, дурсамж бүтээсэн байна. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр Ё.Хорлоо хувиараа бизнес эрхэлдэг. Том хүү Г.Тэнүүн 11 настай. Охин Г.Тэргэл 7 настай. Хоёулаа ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сурдаг. Бага хүү Г.Чингис хоёр настай. Эхнэртээ үнсүүлээгүй гарахаар нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж тэр өдөржин төрдөг. Эхнэр маань  ажилд явахад урмын үг хэлж, үнсэж гаргадаг болохоор тэгдэг байх.

-Амьдралын арга барил гэхээр хэтэрхий том асуудал байж магадгүй. Нэг үгээр бол таны зарчим юу вэ?

Бусдад төвөг удахгүй байхыг хичээдэг. Аль болох өөрөө асуудлаа шийдээд ард нь гардаг. Мэдээж ганцаараа шийдвэрлэх боломжгүй асуудал дээр хамт олон, гэр бүл, найз, нөхдийнхөө тусламжийг авна. Анх албанд орж байхад миний багш Х.Ишээ “Чи өөрийгөө л бүтээнэ” гэж байнга хэлдэг байсан.

- Шинэ жил гэхээр хамгийн ихээр ямар дурсамж таныг догдлуулдаг бол?

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сард эхнэртээ гэрлэх санал тавьж, гэр бүл болж байлаа. Намайг үргэлж ойлгож, дэмжиж, хамгийн сайн зөвлөгч, түшиг тулгуур минь болдог ханьдаа үргэлж баярладаг. Ажлын онцлог учраас шинэ жилээр ээлжтэй таарна. 2021 оны шинэ жилээр үүргээ гүйцэтгэж байхад эхнэр, хүүхдүүд маань ажил дээр ирж, гэнэтийн бэлэг барьж байсан гээд дурсамж бүхэн маань гэр бүлтэй минь холбоотой учраас хамгийн сайхан мөчүүд энэ сард тохиодог юм байна. Эсрэгээрээ хамт олонтойгоо дуудлагаар гараад үүрэг гүйцэтгэх үе ч байдаг.

-Тасралтгүй, шуудтай үүргээ гүйцэтгэж, олон залуусд үлгэр дуурайлал болж байгаа таниар бахархаж байна. Зорьсон бүхэн нь биелэх болтугай. Ярилцсанд баярлалаа?

Өөрийгөө улам илүү хөгжүүлж, залгамж халаа, залуу боловсон хүчиндээ өөрийн сурсан бүхнийг зааж, сургахыг хичээж байна. Бусдын л адил ажил, амдралынхаа сайханд баясаж, болохгүйгээс болох хүртэл нь зүтгэж яваа жирийн л нэг алба хаагч. Намайг онцолсонд баярлалаа.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Айлчлан ирж байгаа шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах