Цэс Close

Б.Дэлгэрсайхан: Метро байгуулах ажлыг 2024 оны нэгдүгээр сараас эхлүүлж 2028 онд үйлчилгээнд явуулна

Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.

Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах  төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов.Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөл боловсруулахад шаардлагатай  зардлыг нийслэлийн 2024 оны төсөвт тусгах юм байна.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан: Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур метроны 22.3 километр зам барих ажлыг хийх төслийг танилцуулж байгаа.

2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. 

2024 оны хоёрдугаар сард зураг төслийн ТЭЗҮ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.

2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.

2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ.

2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийнэ

2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ.

2028 онд метротой болохоор төлөвлөсөн.

Хоёрдугаарт үүнтэй зэрэгцээд Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан. Үүнийг нийслэл өөрөө хөрөнгө гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг ТЭЗҮ гарсны дараа шийднэ" гэв.

ТЭЗҮ буюу зураг төсөл гарсны дараа метро барих нийт үнэ гарах аж. 2013 онд ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.7 сая ам.долларт метро барих боломжтой гэсэн асуудлыг ярьж байгааг тэрбээр хэллээ.

Манай улсад метроны зураг төсөл хийж байсан туршлагатай компани байхгүй учир олон улсын тендер зарлах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах