Цэс Close

П.Дэлгэрнаран: Нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналт тавьж ажиллалаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгийн талаар  Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанд илтгэлээ. Илтгэлийг тоймлон хүргэе.

...Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд 1307 албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал, онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын 559, цагдаагийн 720 албан хаагч, 253 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, нийт 3022 төрийн албан хаагч ажиллалаа.

Ковид-19 цар тахлын халдварын улмаас тусгаарлагдсан, гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сонгогчдын сонгох эрхийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгууллаа.

Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажиллалаа. Тухайлбал, санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналт тавьж ажиллав.

...Санал хураалтын ирцийн дүн мэдээг Үндэсний статистикийн мэдээллийн сангийн насны ангилалд нийцүүлэн ирц бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлж олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь буюу тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.6-д тус тус заасны дагуу ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй 18, 28 дугаар тойргийн нийт 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын ирц оролцоо урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад буурсан дүнтэй байлаа. Сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгуулийн болон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг сонгогчдод тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол явуулахад Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн 10 сард явагддаг сонгууль нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах өргөн цар хүрээтэй ажилтэй зэрэгцэн явагддаг онцлогтой бөгөөд дэлхий нийтэд аюул учруулж буй цар тахлын хүндхэн нөхцөл байдал нь сонгогчдын ирц оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг үгүйсгэх аргагүй юм.

Нөгөө талаар Сонгуулийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу явуулж буй үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, баримтгүй, илтэд гуйвуулсан, худал мэдээ мэдээллийг олон нийтэд тарааж иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл гаарч байгаад эрх бүхий холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Сонгогчдын ирц оролцоо бол сонгогчдоос сонгуульд оролцож буй улс төрийн нам эвсэлд өгөх үнэлэмжтэй шууд холбоотой бөгөөд улс төрийн нам нь ардчилсан нийгмийн чухал институц болохын хувьд иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа эсэх, цаашлаад улс төрийн намын төлөвшлийн асуудалтай ч мөн холбогдолтой гэдгийг дурдахгүй байхын аргагүй юм.

          Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 50752 сонгогчоос 46.65 хувь нь буюу 23677 сонгогч, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 114010 сонгогчоос 48.89 хувь нь буюу 55739 сонгогч оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нийт 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54,2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, хүрсэн бөгөөд нийт 148 хэсгийн 59.4 хувь буюу 88 хэсгийн ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно.

Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ!

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107 дугаар тогтоолыг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 108 дугаар тогтоолыг тус тус гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.

Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах