Цэс Close

Ши Жиньпин: Хятад Оросын харилцаа бол амаргүй олдсон амжилт дэвшил

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

БНХАУ-ын даргын албан тушаалд гурав дахь удаагаа улиран сонгогдсон Ши Жинпинь төрийн айлчлал хийх эхний орон ОХУ байх болно хэмээн мэдэгдэж байсан. Түүний айлчлал өчигдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын “Россия” сонинд нийтлэл бичжээ.

Ши Жиньпин нийтлэлдээ, "Одоогоос 10 жилийн өмнө миний бие БНХАУ-ын даргаар сонгогдоод анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж байснаас хойш танай сайхан улс оронд найман удаагаа айлчилсан байна. ОХУ бол Хятадын хамгийн том хөрш орон төдийгүй стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түнш юм.  Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд хоёр улс харилцан бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж, улмаар харилцаагаа дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож ирсэн.

Сүүлийн 10 жилд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоож, хөгжлийн шинэ цаг үетэй золгож байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-тай бид нягт харилцаа холбоотой ажиллахын зэрэгцээ хоёр талт болон олон улсын арга хэмжээний үеэр 40 гаруй удаа уулзаж, хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг удирдан чиглүүлж, анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн чухал томоохон асуудлуудаар санал бодлоо шуурхай солилцож, хоёр талт харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг бататгасан.

БНХАУ болон ОХУ-ын харилцаа бол хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийг эрхэмлэдэг, эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй зэрэг зарчмыг тууштай баримталдаг. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр өнгөрсөн онд хоёр талт худалдаа 190 тэрбум ам долларыг давж, 10 жилийн өмнөхөөс 116 хувиар өсөж, Хятад улс сүүлийн 13 жил дараалан ОХУ-ын худалдааны хамгийн том түнш байж ирлээ.

Олон улсын түвшинд манай хоёр орон нягт хамтран ажиллаж, том гүрний үүрэг хариуцлагаа идэвхтэй ухамсарлаж, НҮБ-д түшиглэсэн олон улсын тогтолцоо, олон улсын хууль тогтоомж, түүнд суурилсан олон улсын дэглэм, НҮБ-ын дүрэм, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ зэргийг сахин хамгаалж, НҮБ, ШХАБ, БРИКС, Их 20 зэрэг олон талт механизмын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж ирсэн. Нийт 70 гаруй жилийн "салхи бороо"-г туулсан Хятад Оросын харилцаа бол амаргүй олдсон амжилт дэвшил гэдгийг бид тодорхой ойлгодог болохоор маш ихээр эрхэмлэн нандигнадаг. Энэ удаагийн айлчлал найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвныг дээдэлсэн айлчлал байх болно. Хятад Оросын харилцаа, хүн төрөлхтний нийтлэг хөгжил дэвшилд улам их үүрэг гүйцэтгээсэй хэмээн хүсэн найдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах