Цэс Close

УИХ-ын гишүүний тоо 126 болсноор ямар давуу тал үүсэх вэ?

“УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн ҮХНӨ-ийг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар баталсан. УИХ-ын гишүүн 126 болох нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт юм. Нийгмийн янз бүрийн төлөөллийнхөн намуудын жагсаалтад бичигдэж, төлөөлөх чадвар, нэр хүнд, мэдлэг боловсролоороо УИХ-ын гишүүн болцгооно. Намууд ялагдахыг хүсвэл нэр нүүргүй хүмүүсийг жагсаана. Ялахыг хүсвэл нэртэй нүүртэй, нийгмийн төлөөлөл болсон нэрсийг жагсаалтдаа оруулна. Товчхондоо, нэр дэвшигчид нь намын ард биш, нам нь нэр дэвшигчдийнхээ ард бичигдэнэ гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улстай ижил гараанаас гарсан улсуудтай харьцуулахад хүн амын амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь томоохон өөрчлөлтийг авчирна. Сонгуулийн зардал хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг болгож чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос болж байна. Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. УИХ-ын гишүүн нь сайд хийхээр УИХ-ын үйл ажиллагаанд доголдол гарах, нөгөө талаар Засгийн газрыг УИХ хянахад доголдол үүссэн. Үүнээс улбаалж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь сэдэв болж яригдаж ирсэн. Олон улсын жишгийг харвал парламентын гишүүний тоо хэт цөөн байгаагаас болж байна гэж ҮХЦ тогтоолдоо тусгасан" гэж байв.

УИХ-ын гишүүний тоог нэмснээр дараах давуу тал үүснэ: 

  • Малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн олон төлөөлөл парламентад суух боломжтой. Ингэснээр төлөөллийн зарчим хангагдана.

  • Чанартай хууль батлагдан гарах үндэс болно. Одоогийн байнгын хороонд гэхэд 11 гишүүн ирснээр ирц баталгаажиж, зургаан гишүүн дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

  • Парламентын гишүүн бага байх тусам эрх мэдэл нэг дор төвлөрч, хуйвалдаан зэрэг сөрөг талын зүйл гардаг учир 150-аас дээш гишүүнтэй байх ёстой гэдэг олон улсын жишиг бий. Тиймээс эрх мэдлийн төвлөрлийг багасгана.

Хамгийн гол нь дөрвөн кноптой байхад Байнгын хороог, 20 карттай байхад УИХ-ын шийдвэрийг захиалдаг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр төрийн ордон тойрсон өндөр барилга дотор хэдхэн банкны эзэн Монголын хувь заяаг шийддэг олигархуудын хаанчлал зогсоно. Монголын сонгуульд аль нэг нам биш 30 гэр бүл тасралтгүй ялж эрх барьдгаас үүдэлтэй авлигын ноёрхолд цэг тавих боломж юм.  Хоёр нам ээлжилдэггүй, олон өнгөтэй, 3-5 намын төлөөлөлтэй олон өнгөтэй парламент хууль хэлэлцдэг болно. Нэг намын дарангуйлал тогтох үүд хаалга хаагдах давуу тал үүснэ зэргээс эхлээд олон давуу тал бий болно гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах